Бидний тухай

ЭРХЭМ ЗОРИЛГО: ДЭЛХИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЖ, МАЛЫН АРЬС, ШИРИЙГ ГҮЙЦЭТ БОЛОВСРУУЛАН ЭКСПОРТОНД ГАРГАХ ЗАМААР ЭДИЙН ЗАСГИЙГ СОЛОНГОРУУЛАХАД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАН, ҮНДЭСНИЙ ТОМООХОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОРЫГ ЦОГЦЛООН ХӨГЖҮҮЛНЭ.

ЗОРИЛГО:

МАЛЫН АРЬС ШИРИЙГ ИТАЛИ ТЕХНОЛОГИОР ГҮЙЦЭТ БОЛОВСРУУЛЖ, НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭН ЭКСПОРТОД ГАРГАХ,

МОНГОЛ МАЛЫН ҮНЭ ЦЭНИЙГ ӨСГӨЖ, МАЛЧДЫН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ,

НАРИЙН МЭРГЭЖЛИЙН МЭРГЭШСЭН АЖИЛЧДЫГ БЭЛТГЭН БАЙНГЫН ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ;

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.10 дахь заалтад “Мал, малын гаралтай түүхий эдийг боловсруулах байгальд ээлтэй цогцолбор байгуулж, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ...”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.3.10.1 дэх заалтад “Дархан арьс ширний цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр тус тус тусгасан.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор Дархан арьс ширний цогцолбор төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцах “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийг байгуулсан.

Манай компани нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилго тавин Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт “Дарханы арьс шир үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулах бэлтгэл ажлыг ханган, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хонь, ямааны арьс, үхрийн шир боловсруулах нийт 5 үйлдвэр, химийн материал, түүхий эдийн агуулах бүхий, жилд 4.4 сая ширхэг арьс, шир боловсруулах хүчин чадалтай үндэсний томоохон цогцолборыг барьж, байгуулах ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан Шинэ сэргэлтийн бодлогын 1 дүгээр хавсралтын 3.5 дахь хэсэгт “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцтэй уялдуулан боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар хагас боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээг бууруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ...”, гэж заасны дагуу үйлдвэрлэлийн цогцолборын үйл ажиллагааг эрчимжүүлж, цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, үйлдвэрийн барилга, цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн зураг төслийг боловсруулах ажлыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж байна.

Тус төсөл нь Дэлхийн банкны Байгаль орчин, эрүүл ахуй, аюулгүй байдлын зааварчилгаа, Олон улсын санхүүгийн корпорацийн Байгаль орчны гүйцэтгэлийн стандарт мөн Олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтэд шаардагдах Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээн дээр үндэслэн байгуулагдах бөгөөд цогцолборын доторх цэвэрлэх байгууламж, арьс шир боловсруулах үйлдвэрүүд нь евро стандартаар баригдаж, Итали техник, технологийг бүрэн нэвтрүүлэн Олон улсын арьс, ширний зөвлөл (LWG)-ийн Байгаль орчин хамгааллын стандартыг мөрдөж үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байна.

Үйлдвэрээс гарах бүх хог хаягдлыг дахин боловсруулах, дэлхийн арьс ширний салбарт гол асуудал болж буй хромыг 98% сэргээн авч үйлдвэрт эргүүлэн ашиглах, үйлдвэрээс гарах бохир усыг цэвэрлэх байгууламжид MNS 4943:2015 стандартын дагуу Итали технологоор орчин тойронд үнэр, агаарын бохирдолгүйгээр битүү танканд цэвэрлэгээ хийх шийдэлтэй.

Мөн үйлдвэрлэлийн цогцолборыг үйлдвэрлэл технологийн паркийн загвараар хөгжүүлэхээр төлөвлөж байна.